“Орчин үеийн соёлын илэрхийллийн олон төрөл, бүтээлч үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих нь” үндэсний зөвлөлдөх уулзалт
“Орчин үеийн соёлын илэрхийллийн олон төрөл, бүтээлч үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих нь” үндэсний зөвлөлдөх уулзалт эхэллээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газар нь ЮНЕСКО, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран Монгол улсын соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагыг хэлэлцэх зорилгоор үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. Энэхүү зөвлөлдөх уулзалт нь Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжих ЮНЕСКО-ийн “Суурь эрх чөлөө ба соёлын илэрхийллийн олон төрлийг хөхиүлэн дэмжихэд соёлын бодлогыг дахин тодорхойлох нь” (2018-2021) төслийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Монгол улс нь энэхүү төслийн үр шимийг хүртэх 16 орны нэгээр сонгогдсон бөгөөд Монгол улс дахь бүтээлч үйл ажиллагааг хамгаалах, хөхиүлэн дэмжих бодлогод хяналт тавьж тайлагнах, засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, уран бүтээлчид зэрэг соёлын салбарын үндсэн оролцогчдын чадавхыг дээшлүүлэх зорилготой юм.
Тус уулзалтад Монгол улс дахь соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарт шууд болон шууд бус оролцоотой бүхий л оролцогчид нэг дор цуглан чуулж байна.
Зөвлөлдөх уулзалтын үеэр уг салбарын бодлогын өнөөгийн нөхцөл байдлыг хөндсөн танилцуулгууд хийгдэхээс гадна салбарын оролцогчид өөрсдийн ажлын туршлага, санал бодлоо ил тод хуваалцах хэлэлцүүлгүүд өрнөх болно. Салбар хуралдаанаар оролцогчид Монгол улс дахь бүтээлч үйл ажиллагааны ирээдүйн чиг хандлагад бодлого хэрхэн дэмжлэг үзүүлж болох талаар дараах 4 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Үүнд:
• Хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон төрөл
• Соёлын болон бүтээлч үйлдвэрлэл дэх дижитал технологи
• Соёлын мэргэжилтнүүд, уран бүтээлчдийн шилжилт хөдөлгөөн, тэдний нийгэмд эзлэх байр суурь
• Соёлын болон бүтээлч үйлдвэрлэл ба жендер
Уг зөвлөлдөх уулзалтаар Монголын соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарын оролцогчдод олон улсын санхүүжилтийн боломжуудын талаарх мэдээллийг мөн танилцуулна. Тухайлбал, “Соёлын олон төрлийн олон улсын сан” нь хөгжиж буй орнуудад соёлын бүтээгдэхүүнийг бүтээх, үйлдвэрлэх, түгээх, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шинэ бүтээлч санаачилгуудад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Түүнчлэн, Европын Холбооны санхүүжилттэй шинэ төсөл нь соёлын бодлого боловсруулалт, хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн техникийн туслалцаа үзүүлдэг.
2019.05.09