ЭЛСЭГЧДЭД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ:
ЭЛСЭГЧДЭД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ:
Энэ удаагийн зөвлөгөөгөөр ЕБС-ийн нэгэн багшийн бичсэн “ЭЕШ-д 800 оноо авах зарим нууцаас…” зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.
ЭЕШ-д 800 ОНОО АВАХ ЗАРИМ НУУЦААС…
1. ЭЕШ-д ихэнх хүүхдүүдийн хамгийн их алддаг зүйл бол сандрал:
Хэрэв та тэр их айдас, сандралаа намдааж чадахгүй бол та мэддэг зүйлээ ч мэдэхээ больдог. Энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Жишээ нь та сургууль дээрээ шалгалт өгч байхад шалгалтанд хүнд бодлого ирсэн мэт сэтгэгдэл төрж байсан ч шалгалт дууссаны дараа бодлогуудаа хараад энгийн, инээд хүрмээр хялбар зүйл байсан болохыг нь сая л мэддэг. Энэ бол айж, сандарсанаас шалгалтан дээр нэмж, хасах үйлдлээ ч мартахаар тийм их аюултай зүйл. Иймээс та сандрахгүй байхын тулд одооноос өөрийгөө тайвшруулж, ЭЕШ өгч байх яг тэр мөчид аль болох анхаарлаа төвлөрүүлж дотоод сэтгэлээ удирдаж хянаж сурах хэрэгтэй. Жишээ нь томоохон шалгалтын үеэр би орчин тойрондоо байгаа хүмүүс, чимээ шуугианыг үл тоон яг л ганцаараа энгийн л нэг шалгалт өгч байгаа мэтээр төсөөлж өөрийгөө тайвшруулж энэ шалгалтыг сайн өгчихвөл миний амьдралын бүх зүйл сайхан болно, би бүгдийг авна гэх мэтээр өөрийнхөө сэтгэлийг хурцалдаг.
2. Өөрийгөө хэт их ядаргаанд оруулах хэрэггүй.
Та шалгалтанд бэлдсэн ч бай, үгүй ч бай ЭЕШ-ийн өмнөх өдөр заавал толгойгоо амраах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл таны толгой хэт их ачаалж ядаргаанд орсон тул та нэг өдрийн өмнө сайн амраахгүй бол шалгалтын үеэр мэддэг зүйлээ ч мэдэхгүй болдог нь мөн л шинжлэх ухаанаар батлагдсан зүйл билээ. Танд бүтэн жил бэлдэх хугацаа хангалттай байсан учир ганц өдрийг та ном, дэвтэр харалгүй зүгээр л өнгөрөө. Шалгалтын өмнөх өдөр та аль болох гадагшаа гаралгүй, толгойгоо ажиллуулах төрөл бүрийн юм бодолгүй сайхан хэвтэж амрах хэрэгтэй. Харин шалгалтын өглөө чухал гэсэн хэдхэн томъёогоо хальт харж сэргээж болно.
3. Бусдын худал хуурмаг үгэнд бүү итгэ.
Жилийн жилд л тохиолддог нэг зүйл бол хүүхдүүдийн дунд тархдаг сөрөг мэдээлэл юм. Жишээ нь ЭЕШ-ын сорилын хариу задарсан, хариултыг нь өндөр үнээр худалдаж байна гэх мэт. Үүнийг сонссон хүмүүсийн урам хугарч, эрч хүч нь буурдаг муу нөлөөтэй. Гэвч ЭЕШ-ийн түүхэнд нэг ч удаа шалгалтын материалын нууцлал алдагдаж байгаагүй билээ. Мөн үүнээс гадна зарим нэг сургалтын төвүүд болон хувь хүмүүс хүссэн сургуульдаа орох урилга, эрх олгоно гэх мэт боломжгүй амлалтуудыг нийтэд тараадаг. Энэ нь мөн таны сэтгэл зүйд нөлөөлж улмаар ЭЕШ-д бэлтгэхэд бага ч болов саад учруулдаг. Энэ мэтчилэн бусдын худал хуурмаг үгэнд автахгүй байх хэрэгтэй.
4. 5-10-р ангид үзэж байсан сэдвүүдээ эргэж сайн харах хэрэгтэй.
Үүний тулд та 5-р ангиас хойшхи бүх хичээлийн дэвтрүүдээ эргэж харах хэрэгтэй. Мөн 5-11-р ангийн сургалтын материалын бодлогуудаас сайн бодох хэрэгтэй. Учир нь ЭЕШ нь 5-11-р ангид үздэг бүх сэдвийг хамруулсан байдаг. Үүнийг та өнгөрсөн жилүүдэд ирж байсан сорилуудаас харж болно. Жишээ нь 2010 оны математикийн шалгалтын A хувилбарын эхний бодлого нь -3-(5-3*4)+2-5=? гэсэн 3 онооны асуулт байсан. Энэ мэтчилэн жил бүрийн ЭЕШ-ийн сорилын эхний хэдэн бодлого нь 5, 6, 7-р ангийн хичээлүүд байдаг. Гэсэн хэдий ч хүүхдүүд өмнөх жилүүдийн зарим нэг сэдвээ мартсан, тухайн үедээ ойлгоогүй өнгөрсөн, тэр үед нь хичээлээ тасалсан гэх мэт олон шалтгааны улмаас ЭЕШ-д ирсэн 5-10-р ангийн хичээлүүд дээрээ алдах тохиолдол их байдаг.
5. Өнгөрсөн жилүүдийн ЭЕШ-ийн сорилууд болон бусад сорилуудтой ажиллах
ЭЕШ-ийн сорилын 80 орчим хувь нь өнгөрсөн жилүүдийн бодлогуудад тулгуурлан зохиогддог гэж ярилцдаг. Иймээс та өнгөрсөн жилүүдийн ЭЕШ-ийн тестүүдтэй ажиллахдаа МУИС-ийн цэнхэр ном болон бусад сорилын номнуудаас ЭЕШ-д ирж байсан бодлогуудын ерөнхий агуулгатай холбоотой бодлогуудыг бодож өөрийнхөө өнөөгийн төвшинг шалгахаас гадна, сорилтой ажиллах хурдаа сайжруулах хэрэгтэй. Мөн та тус сорилуудтай ажилласнаар ямар хичээлийн ямар сэдэв дээр илүү их алдаж байгаагаа мэдэх боломжтой болох юм.
6.Сорилыг хариунаас нь түргэн хугацаанд зөв бодох арга барилд суралцах
ЭЕШ дээр тухайн бодлогыг огт бодож чаддаггүй, мэддэггүй эсвэл бодолт болон томъёогоо мартсан тохиолдолд хариунаас нь зөв хариуг нь гаргадаг олон арван аргуудаас ашиглах нь зүйтэй байдаг. Сорилыг хариунаас нь түргэн бодох аргуудыг бүрэн эзэмшсэн тохиолдолд таны ЭЕШ-д авах оноо 3-4 дахин өсөх боломжтой. Та бүхэнд нэгэн бодит жишээ танилцуулахад, одоогоос 2 жилийн өмнө манай сургалтын төв дээр нэг ангид сурдаг хоёр найз ирж байсан. Нэг нь хичээлдээ маш сайн харин нөгөө нь маш муу байсан. Дөрвөн сарын хугацаанд хичээлдээ сайн хүүхэд нь улам сайжирч ямар ч номны аль ч бодлогыг өгсөн чөлөөтэй боддог болсон байсан. Гэтэл хичээлдээ муу хүүхэд нь энэ хугацаанд хичээлээ их тасалдаг, давтлаганд ирсэн үедээ хичээл хийдэггүй үймүүлдэг байснаас гадна түүний мэдлэгт ахиц дэвшил гараагүй. Гэвч ЭЕШ болохоос нэг сарын өмнө хичээлдээ сайн байсан хүүхэд маань гэнэт өвдөж эмнэлэгт хэвтсэн. Харин нөгөө хүүхдийн хувьд үлдсэн нэг сарын хугацаанд зөвхөн сорилыг хариунаас нь түргэн бодох аргуудад эрчимтэй сайн суралцсан. Ингээд ЭЕШ-ийн дүн гарахад хичээлдээ сайн байсан хүүхэд маань “Багшаа, би 634 оноо авсан. Уг нь би бүх бодлогоо эхлээд гүйлгээд харсан чинь бүгдийг чадахаар харагдаж байсан хэдий ч эхнээс нь бодоод бараг талд нь орж байтал шалгалтын хугацаа нь дуусаад хураагаад авсан” гэж байж билээ. Харин нөгөө хүүхэд маань 800 оноо авсан байсан. Түүний хэлж байгаагаар бол эхний 30 минутанд бараг ихэнх бодлогоо хариунаас нь түргэн бодох аргуудаар бодож гаргасан байдаг. Энэ мэтчилэн та тус бодлогыг мэддэг ч бай, үгүй ч бай хариунаас нь богино хугацаанд хялбар бодож зөв хариуг нь гаргах аргуудад маш сайн суралцах хэрэгтэй. Учир нь ЭЕШ нь тухайн бодлогыг мэддэг байх чадвараас гадна аль болох хурдан сэтгэж бодох чадваруудыг шалгадаг. Гэвч манай ЕБС-ууд болон сургалтын төвүүдэд эдгээр аргуудаас зааж сургадаггүй.
За ингээд би та бүхэнд ЭЕШ-д өндөр оноо авах нууцуудаасаа хуваалцлаа. Танд хувь нэмэрээ өгнө гэдэгт итгэж байна. Мөн үүнээс гадна танд нэмж зөвлөхөд:
Хэрэв та ЭЕШ-д бэлтгэж байгаа бол бэлдсэн шиг бэлдэх хэрэгтэй. Таны цаг хором бүр үнэтэй гэдгииг анхаарах хэрэгтэй. Учир нь яг одоо ч гэсэн таны өрсөлдөгчид гэртээ суугаад бэлтгэлээ хийж байгаа. Өөрөөр хэлбэл “Хэрэв та урагшаа нэг алхахгүй бол бусдаасаа нэг алхамаар ухрах болно” гэсэн үгийг үргэлж сана.
Та ЭЕШ-д бэлдэхийн тулд хэтэрхий их мөнгө үрэх хэрэггүй. Зарим нэг сургалтын төвүүд нь өндөр төлбөртэйгээр элсэлт авч, олон арван амлалт амладаг хэдий ч эцсийн үр дүн муу байдаг нь нууц биш. Тиймээс та хамгийн гол нь цаг хугацаа, хөрөнгө мөнгөө сул дэмий үрэх хэрэггүй.
Та ганц л амьдардаг шиг таны амьдралд ЭЕШ ганц л удаа болно. Тиймээс ЭЕШ өгөх тэр өдөр таны ирээдүйг 80-100 хан минутанд шийдэх тул та бүхий л боломж бололцоогоо дайчлах хэрэгтэй.
Миний хэлж, зөвлөж, сургаж байгаа эдгээр үгс яг одоо таны толгойд гүйцэт суухгүй байж магад. Яг одооноос л та цаг алдалгүй бэлдэж, миний зөвлөсөн зөвлөмж зөвлөгөөнөөс хэрэгжүүлж эхлэхгүй бол магадгүй та ЭЕШ-ийн дараа өөрөө өөртөө гомдож, миний хэлсэн эдгээр зөвлөгөөг үнэхээр үнэн байсныг нь ухаарч магадгүй. Гэвч тэр үед бүгд болоод өнгөрсөн байх болно.
За залуусаа яг одооноос бүх цаг заваа зөвхөн ЭЕШ-даа л зориул …
Цаана чинь цаг хугацаа явсаар л байна…